1960-аад оны хувцаслалтын хэв маяг энэ цаг үед эргэн ирснийг загвар сонирхдог хүн бүр мэднэ. Тэр дундаа тухайн үед түгээмэл өмсдөг байсан тод өнгийн триконууд 2022 оны хавар-зун улирлын загварын долоо хоногоос эхлэн одоог хүртэл давамгайлсаар байна. Дээрээс нь 2023 оны намар, өвлийн чиг хандлагуудын эгнээнд дүрэлзсэн улаан өнгийн хувцаслалт багтсантай уялдан улаан өнгийн триконууд цойлж загварынхны анхааралд ороод байгаа юм. Gucci, Miu Miu, Coperni, Burberry, Isabel Marant, Hermes, Saks Potts, Chanel гэх зэрэг орднуудын цуглуулгаас энэхүү загварыг олж харах боломжтой. Мөн улаан триког төрөл бүрээр загварчилсан хувилбарууд street style дуранд түгээмэл өртжээ.
Зүүн талаас: Saks Potts, Hermes, Isabel Marant, David Koma, Gucci FW23
Та энэхүү чиг хандлагыг улаан өнгийн юбка, даашинз, эсвэл шоорттой хослуулж, эв хавгүй харагдах магадлал хамгийн бага байдаг өнгө дагуу загварчлах аргыг хэрэгжүүлэх боломжтой. Мөн хөлөө илүү урт харагдуулахыг хүсэж байгаа бол улаан гутал сонгох нь зөв. Үүнээс гадна Instagram инфлюэнсерүүдийн дунд триконоос бусад хувцас тас хар байх хоршил дэлгэрэх болсон. Ингэхдээ тэд аль болох энгийн силуэттэй хувцас сонгож төрхийг илүү тэнцвэртэй харагдуулахыг хичээдэг байна.
Улаан өнгө ямар өнгөтэй зохицдог вэ?
Эх сурвалж: buro247.mn